2011-04-26

Аж ахуйн нэгжийн тооллогод хамрагдаарай

0 Сэтгэгдэл
Их хурлын дарга Д.Дэмбэрэл: 

Дэлхийн улс орнууд тодорхой давтамжтайгаар аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зохион байгуулдаг бөгөөд Азийн орнуудын 80 хувь нь 5 жилд нэг удаа энэхүү тооллогыг үндэснийхээ хэмжээнд зохион байгуулдаг.  Аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг тооцох, шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний статистикийн бүрэн хэмжээний мэдээллийг бий болгох, улмаар судалгаа шинжилгээ хийхэд “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” ач холбогдолтой. Манай орны хувьд энэхүү тооллогыг 5 жил тутамд явуулахаар “Статистикийн тухай хууль”-иар хуульчилсан бөгөөд ээлжит тооллого 4 дүгээр сарын 15-наас эхлэн явагдах гэж байна. Иймд өмчийн хэлбэр үл харгалзан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулан идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Монгол улсын ерөнхий сайд С.Батболд: 


Засгийн газрын энэ оны 61 дүгээр тоот тогтоолын дагуу 4-р сарын 15-наас эхлэн Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тооллого нь улс орны эдийн засгийн хөгжилд аж ахуйн нэгж, байгууллагын оруулж буй хувь нэмэр, оролцоог тодорхойлох, улмаар манай улсын хөгжлийн төлөвлөлтөд нэн шаардлагатай мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Ажилсаг, хичээнгүй мянга мянган бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууддаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, улсын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд, ААН-ийн тооллогын Улсын комиссын дарга С.Баярцогт: 

Статистик ажиглалтын үр дүнд авсан тоо мэдээнд тавих хамгийн гол шаардлага бол үнэн зөв байх явдал юм. Тиймээс их хэмжээний хөрөнгө, хүч, цаг хугацаа зарцуулж хийж байгаа тооллогын чанар нь  ажиглалтыг явуулж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, асуулга, судалгааны маягтын оновчтой, боловсронгуй байдал, ажиглалтын нэгж нь бүрэн, үнэн бодит, алдаагүй мэдээлэл өгөх зэргээс шалтгаална гэдгийг анхаарах хэрэгтэй. Статистик ажиглалтаар цуглуулагдсан мэдээний үнэн бодитой байдал нь цаашид тухайн тоо мэдээг ашиглан хийх судалгаа, шинжилгээний үр дүн, шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг. Тиймээс статистик тоо мэдээний чанарын асуудлыг аль аль талдаа анхаарах шаардлагатай.  


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдсанаар бизнесийн талаарх төрийн бодлогыг зөв мэдээллээр хангах үндэс болох төдийгүй бизнес эрхлэгчид, байгууллагуудын хувьд ч  тооллого, судалгааны үр дүнг бизнесийн төлөвлөлтдөө ашиглах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжлийн хандлагаа зөв тодорхойлох боломжийг бүрдүүлэх юм. Тооллогын үр дүнд тулгуурлан улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эдийн засаг, статистикийн судалгаа, шинжилгээний өргөн цар хүрээтэй ажил хийгдэх боломж олгодгоороо  тооллого чухал ач холбогдолтой. 


Yндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан:
   
Yндэсний статистикийн хороо аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар явуулсан. 2011 оны ээлжит тооллогоо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс улс орон даяар зохион байгуулж байна. Аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэрээр авч үзвэл 2006 оны тооллогоор нийт аж ахуйн нэгжийн 11.8 хувийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, 88.2 хувийг хувийн өмчийнх эзэлж тэдгээр нь ДНБ-ий 67.9 хувийг бий болгож байсан бол 2010 оны 3-р улирлын байдлаар бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 6.9 хувийг төрийн өмчийн аж ахуйн нэгж 93.1 хувийг хувийн өмчийнх эзэлж, 2009 оны ДНБ-ий 73.0 хувийг эзэлдэг болсон. 

Энэхүү 2011 оны тооллого нь эдийн засгийн хамрах хүрээ өргөжиж буй энэ үед аж ахуйн нэгжийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг харах, аж ахуйн нэгжүүдийн эрхэлж  буй үйл ажиллагааны төрөл, нийгэм, эдийн засгийн аль салбарт тэлэлт явагдаж байгаа, ДНБ-ийг эдийн засгийн ямар салбар голчлон бүрдүүлж байгааг тодруулах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан олон тулгуурт эдийн засгийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчдын цаашид баримтлах бодлогын түвшинд төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм. 

news.mn- ees

2011-04-22

“Чингис хаан” ном дэлхийн шилдэг номонд өрсөлдөж байна САНАЛАА ӨГӨӨРЭЙ

0 Сэтгэгдэл
"Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" номонд ЭНД ДАРЖ САНАЛАА ӨГӨӨРЭЙ 
Эрдэмтэн Жак Уэтерфордын туурвисан "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном Amazon.com-ын оны шилдэг аудио ном шалгаруулах тэмцээнд оролцож байгаа. Хагас финалд Лаура Хилленбрандын “Мохошгүй” гэдэг бестселлер номтой өрсөлдөж ялалт байгуулан финалд үлдээд байна. Энэ даваанд ялбал 2011 оны дэлхийн хамгийн шилдэг номоор Монголын эзэнт гүрний тухай, монголчуудын тухай ном шалгарах боломжтой болох юм. Уг ном нь “Нью-Йорк таймс” сонины бестселлер, Монголын “Интерном” их дэлгүүрийн 2009, 2010 оны Грандбүүк болж байжээ.

АНУ-ын Минносота мужийн Макалэстерийн коллежийн антропологийн профессор Жак Уэтерфорд нь овог аймгуудаар мэргэшсэн судлаач бөгөөд “Энэтхэгийн мөрнүүд”, “Төрөлх үндэс”, “Чөлөөлөлт ба иргэншил”, “Мөнгөний түүх” зэрэг бүтээл туурвисан. Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь Монгол овог аймгуудын уламжлал, дайн тулалдааны дундуур Чингис хаан хэрхэн өсч өндийсөн хийгээд монголчуудын иргэншлийн өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг юм байна. Түүхийг цоо шинээр харсан энэхүү бүтээл нь Чингис хааны урьд үзэгдээгүй түүхийг өгүүлээд зогсохгүй орчин цагийн дэлхий ертөнц хэрхэн бий болсон талаар дахин эргэцүүлэхийг уншигчдад сануулсан бүтээл болжээ.

Одоогоор "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном 44,1 хувийн саналтайгаар ялагдаж явна. Та бүхэн саналаа өгч, эзэнт гүрний түүхээ дэлхийд алдаршуулахад хувь нэмрээ оруулаарай.

2011-04-20

Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээллийг яаж авах вэ?

0 Сэтгэгдэл
Монгол хүн бүр байгалийн баялгаасаа хувь хүртэх бодит боломж нээгдсэн. Энэ бол иргэн бүрт олгосон “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа гэдгийг эрхэм уншигч та мэдэж байгаа. Янз бүрийн шүүмжлэл дагуулж байгаа ч энэхүү 536 ширхэг хувьцаа нэгэнт иргэдийн өмч болсон тул энэ талаарх албан ёсны цогц мэдээлэл авах шаардлага, хэрэгцээ урган гарч байна.Гэвч өнөөдрийг хүртэл Төрийн зүгээс иргэдээ албан ёсоор цогц мэдээллээр хангах ажил зохион байгуулаагүй байна. Юм болгонд төрийн царай харж суух биш иргэн бүр, байгууллага бүр өөрийн хийж чадах зүйлээр улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж гэмээнэ Монгол улсын хөгжил алхам, алхмаар урагшлах учиртай.

Тиймээс, Zindaa.mn сайтын хамт олон бид “Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээлэл” төслийг улс даяар анх удаа санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 4-р сарын 18-ний шинийн арван тавны билэгт сайн өдөр  төсөл хэрэгжих албан ёсны онлайн талбар болох “Уул уурхай – Зиндаа” дэд сайтаа ашиглалтанд орууллаа.

Төслийн хүрээнд: Zindaa.mn сайтын “Уул уурхай – Зиндаа” дэд сайтанд дараах цогц мэдээллүүд тавигдах болно.

1.Таван толгойн орд газрын талаарх цогц мэдээлэл,

2.Засгийн газраас гаргасан тушаал шийдвэрүүд,

3.Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, хувьцааг эргүүлэн худалдах, худалдаж авах тухай цогц мэдээлэл,

4.Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны цогц мэдээлэл,

5.Монголын болон гадаадын хөрөнгийн биржүүдийн талаарх цогц мэдээлэл,

6.”Эрдэнэс Таван Толгой” ХК-тай холбоотой цогц мэдээлэл, тушаал, шийдвэрүүд,

7.Санхүүгийн зохицуулах хороо, брокер дилерийн компаниудын цогц мэдээлэл,

8.Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэж ямар байгууллага болох талаар,

9.Zindaa.mn сайтаар дамжин хувьцаа эзэмшиж буй эсэхээ шалгах болон хувьцааны талаарх бусад цогц мэдээлэл бүхий мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ.

Үүнээс гадна Монгол улсын нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн шалтгаан болоод байгаа уул уурхайн салбарын талаарх цогц мэдээлэл “Уул уурхай -Зиндаа” дэд сайтад маань агуулагдаж байна.

Иргэн бүр хувьцааныхаа талаар болон уул уурхайн салбарын талаар зохих хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага, үүрэг үүсч байгаа учраас бид “Уул уурхайн мэдээллийн алба”-ыг сайтынхаа дэргэд тусад нь байгуулж иргэдээ энэ талын мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

1990 оны эхээр тараагдсан ягаан, цэнхэр тасалбар буюу хувьцаа яагаад үнэгүйдсэнийг бид бүгд мэдэж байгаа. Иргэд мэдээлэлгүй, хувьцааны талаар ойлголтгүй, хэрхэн ашиглах, захиран зарцуулах талаар мэдлэг хуримтлуулж чадаагүйгээс ягаан, цэнхэр тасалбарын үнэ цэнэ, утга учир алдагдаж, цөөн хэдэн хүнд Монголын хөрөнгө хүримтлагдах, дийлэнх иргэд ядуурах нөхцөл үүссэн билээ.

Тэгвэл мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед интернэтийн сүлжээг ашиглан дэлхийн хаанаас ч Таван толгойн хувьцааныхаа талаар болон Монголын уул уурхайн хөгжил, өгөөжийн талаар үнэ төлбөргүй мэдээллийг хүссэн үед авах боломж манай иргэдэд нээлттэй боллоо.

Бид “Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээлэл” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Бидний санаачилсан энэхүү төслийн үр шимийг нийт иргэд маань үнэ төлбөргүй хүртэж, ирээдүйн сайн сайхан амьдралынхаа чухал баталгаа болсон “Хувьцаа” хэмээх энэхүү өмчөө зөв зүйтэй, мэдлэг боловсролтой захиран зарцуулаасай хэмээн манай хамт олон чин сэтгэлээсээ хүсч байна.

Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж буй Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтан, хамт олон, удирдлагуудадталархал илэрхийлэхийн зэрэгцээ цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх эрхэм үүргээ улам өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Монгол улсын 2.8 сая иргэний эрх ашгийн тусын тулд айлтгая.

Эцэст нь Монгол хүн бүр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 хувьцааг эзэмшиж, энэ компанийн эзэн болсон шиг Монгол улсын нутаг дэвсгэр дээр эцэг дээдсээс маань үе улиран өвлөгдөж ирсэн стратегийн 15 орд газар, түүний үр шим бидэнд нэгэн адил хүртэх учиртайг иргэн бүрт сануулахыг хүсч байна. Үүний тулд Zindaa.mn сайтын “Уул уурхай – Зиндаа” дэд сайтад иргэн та тогтмол зочилж, холбогдох мэдээллээ авч байхыг сэтгэл харамгүй урья.

Монгол улсын хөгжил цэцэглэлт, Монголын их баялаг иргэн бүрт, айл өрх бүрт гэрэл гэгээ нэмж, аз жаргал хүртээх болтугай.

Zindaa.mn сайтын Төлөөлөн Удирдах Зөвлөл.