2011-04-26

Аж ахуйн нэгжийн тооллогод хамрагдаарай

Их хурлын дарга Д.Дэмбэрэл: 

Дэлхийн улс орнууд тодорхой давтамжтайгаар аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зохион байгуулдаг бөгөөд Азийн орнуудын 80 хувь нь 5 жилд нэг удаа энэхүү тооллогыг үндэснийхээ хэмжээнд зохион байгуулдаг.  Аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг тооцох, шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний статистикийн бүрэн хэмжээний мэдээллийг бий болгох, улмаар судалгаа шинжилгээ хийхэд “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” ач холбогдолтой. Манай орны хувьд энэхүү тооллогыг 5 жил тутамд явуулахаар “Статистикийн тухай хууль”-иар хуульчилсан бөгөөд ээлжит тооллого 4 дүгээр сарын 15-наас эхлэн явагдах гэж байна. Иймд өмчийн хэлбэр үл харгалзан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулан идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Монгол улсын ерөнхий сайд С.Батболд: 


Засгийн газрын энэ оны 61 дүгээр тоот тогтоолын дагуу 4-р сарын 15-наас эхлэн Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тооллого нь улс орны эдийн засгийн хөгжилд аж ахуйн нэгж, байгууллагын оруулж буй хувь нэмэр, оролцоог тодорхойлох, улмаар манай улсын хөгжлийн төлөвлөлтөд нэн шаардлагатай мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Ажилсаг, хичээнгүй мянга мянган бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууддаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, улсын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд, ААН-ийн тооллогын Улсын комиссын дарга С.Баярцогт: 

Статистик ажиглалтын үр дүнд авсан тоо мэдээнд тавих хамгийн гол шаардлага бол үнэн зөв байх явдал юм. Тиймээс их хэмжээний хөрөнгө, хүч, цаг хугацаа зарцуулж хийж байгаа тооллогын чанар нь  ажиглалтыг явуулж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, асуулга, судалгааны маягтын оновчтой, боловсронгуй байдал, ажиглалтын нэгж нь бүрэн, үнэн бодит, алдаагүй мэдээлэл өгөх зэргээс шалтгаална гэдгийг анхаарах хэрэгтэй. Статистик ажиглалтаар цуглуулагдсан мэдээний үнэн бодитой байдал нь цаашид тухайн тоо мэдээг ашиглан хийх судалгаа, шинжилгээний үр дүн, шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг. Тиймээс статистик тоо мэдээний чанарын асуудлыг аль аль талдаа анхаарах шаардлагатай.  


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдсанаар бизнесийн талаарх төрийн бодлогыг зөв мэдээллээр хангах үндэс болох төдийгүй бизнес эрхлэгчид, байгууллагуудын хувьд ч  тооллого, судалгааны үр дүнг бизнесийн төлөвлөлтдөө ашиглах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжлийн хандлагаа зөв тодорхойлох боломжийг бүрдүүлэх юм. Тооллогын үр дүнд тулгуурлан улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эдийн засаг, статистикийн судалгаа, шинжилгээний өргөн цар хүрээтэй ажил хийгдэх боломж олгодгоороо  тооллого чухал ач холбогдолтой. 


Yндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан:
   
Yндэсний статистикийн хороо аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар явуулсан. 2011 оны ээлжит тооллогоо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс улс орон даяар зохион байгуулж байна. Аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэрээр авч үзвэл 2006 оны тооллогоор нийт аж ахуйн нэгжийн 11.8 хувийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, 88.2 хувийг хувийн өмчийнх эзэлж тэдгээр нь ДНБ-ий 67.9 хувийг бий болгож байсан бол 2010 оны 3-р улирлын байдлаар бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 6.9 хувийг төрийн өмчийн аж ахуйн нэгж 93.1 хувийг хувийн өмчийнх эзэлж, 2009 оны ДНБ-ий 73.0 хувийг эзэлдэг болсон. 

Энэхүү 2011 оны тооллого нь эдийн засгийн хамрах хүрээ өргөжиж буй энэ үед аж ахуйн нэгжийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг харах, аж ахуйн нэгжүүдийн эрхэлж  буй үйл ажиллагааны төрөл, нийгэм, эдийн засгийн аль салбарт тэлэлт явагдаж байгаа, ДНБ-ийг эдийн засгийн ямар салбар голчлон бүрдүүлж байгааг тодруулах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан олон тулгуурт эдийн засгийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчдын цаашид баримтлах бодлогын түвшинд төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм. 

news.mn- ees

No comments:

Post a Comment